Нүүрсний экспорт, импорт, үнийн тухайд
"Эдийн засаг" сэтгүүлийн 2010 оны №1-д нийтлэгдсэн А.Чулуунбат.Нүүрсний экспорт, импорт, үнийн тухайд мэдээллийг товчлон энэхүү блогтоо тавив.
Нүүрсний экспорт, импорт, үнийн тухайд
Барааг тодорхойлох-кодлох уялдуулсан систем (БТКУС) буюу Harmonized System (HS)-ийн барааны нэгдсэн жагсаалтын хүрээнд Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төв (ОУХТ)-өөс дэлхийн экспорт, импортын статистикийн цахим-мэдээллийг 2008 оны урьдчилсан байдлаар гаргажээ. Үүнд 129 орны шууд мэдээ, 118 орны шууд бус /толь/ мэдээ, түүнчлэн 18 орны 2009 оны улирал, сарын статистик мэдээ хамрагдаж байна.
Аргачлал ба загварчлал
Манай улсын гаалийн болон ОУХТ-ийн статистик мэдээллийг ашиглах замаар БТКУС-ийн 2701 кодтой чулуун нүүрсний экспорт, импорт, үнийн мэдээг тус тус түүвэрлэв. Үзүүлэлтийн таван жилийн чиг хандлага ба өсөлт, бууралтын өөрчлөлт (Өt)-ийг тооцоолохдоо графикийн арга, Yt=a*e^bt ±ε ба Өt=(e^b-1)*100 томъёог тус тус ашигласан болно. Үүнд t-хугацаа, ±ε-алдаа, b-регрессийн тэгшитгэлийн коэффициент (slope) болно. Тухайн төрлийн нүүрсний экспорт, импортын үнийн дүнгийн /биет байдлын/ таван жилийн дундаж өсөлт (Annual growth in value /in quantity/ between 2005-2008)-ийг компьютерээр тооцоолохдоо power(exp(1),b-1)% томъёог ашиглана. Хэрвээ -b<0 бол бууралт гэсэн үг.
Монголын нүүрсний олборлолт, экспорт, чиг хандлага
Манай нүүрс олборлолт 2002-2006 онд 5.3-аас 7.8 гаруй сая тоннд, 2007-2009 онд 8.8-аас 13.2 сая тоннд хүрэв.
Хамгийн бага квадратын аргаар тооцоолоход, манай нүүрс олборлолтын жилийн дундаж өсөлт нь 2002-2006 онуудад 11.2% байсан бол 2007-2009 онуудад дунджаар 22.1% байв. Өмнөх онтой харьцуулахад манай нүүрс олборлолт 2009 онд биет байдлаар 34.2%-иар өсчээ.
Монголын нүүрсний экспортын биет хэмжээний 2004-2009 онуудын дундаж өсөлт 31.0 хувьд хүрчээ.
Өмнөх онтой харьцуулахад манай чулуун нүүрсний экспорт 2009 онд үнийн дүнгээр 67.6%, биет байдлаар 73.7%-иар огцом өсч, нийт экспортын 16.2 хувийг эзлэв. Доорх графикаас үзнэ үү.
Тухайн цаг үеийн мэдээлэлд тулгуурласан санал, бодлоос
Иймд ойрын жилүүдэд манай нүүрсийг олборлоод л экспортлох хэмжээ үе үе нэмэгдэх хандлагыг харгалзан үзэж, нэгд, манай хилийн зарим боомтын үйл ажиллагааны хурд, хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёрт олон салаа автозамыг хааж эвдэрсэн газрыг нь нөхөн сэргээж, нүүрс тээвэрлэх автозамын ангилал, маршрутыг тогтоож, тоосжилтгүй автозамтай болгох, гуравт, төмөр зам тавих асуудлыг үндэсний эрх ашиг, хуримтлал, хөгжлийн үүднээс шийдэж хэрэгжүүлэх шаардлага тавигдаж байна.
• Цаашид монголын нүүрсний нэр төрөл, эрчим хүч, дулаан, металлургийн зориулалтын хүрээнд нүүрсний илчлэг, үнслэг, цацраг идэвх, хүхэр, ууршимтгай /дэгдэмхий/ бодисын агуулга зэрэг физик-химийн шинж чанарын үзүүлэлтийг лабораторийн шинжилгээгээр нарийвчлан тогтоож, дүгнэлт гаргаж, бусад орны нүүрсний стандарт, үзүүлэлт, үнэтэй харьцуулан жишиж, энэ үндсэн дээр тухайн нэр төрлийг бүртгэж кодлох, импортлогч түнш орнуудын гаалийн байгууллагатай харилцан мэдээлэл солилцох,
• Төрийн бодлогын дэмжлэгээр нүүрс-дулаан-эрчим хүчний үйлдвэрүүд, эрдэм шинжилгээ, зохион бүтээлт-туршилтын лаборатори, зураг төслийн байгууллага, агентлагууд хамтын хүчээр алс хэтийн төсөөлөл, зорилт, хөтөлбөр, төлөвлөгөө, гэрээ хэлэлцээр, техник-эдийн засгийн үндэслэл, төсөл, зураг төсөв боловсруулах, цаашид ажлын байр-зарим дамжлагын “юуг яаж хийх арга-технологийг эзэмшигч” үндэсний корпорацийг байгуулан хөгжүүлж, дотоод, гадаадын Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах,
• Нүүрснээс гарган авдаг эрэлттэй бүтээгдэхүүн, кокс, эдгээрийг ашиглаж эцсийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүдийн цогцолборыг дэд бүтцийн хамт байгуулж хөгжүүлэх,
• Нүүрс, төмрийн хүдрийн хайгуул, олборлолтын чиглэлийн манай үндэсний компаниуд, мэргэжилтэн нарын хуримтлуулсан мэдлэг, арга-туршлагыг харгалзан үзээд, зөвхөн бидний хийж чадахгүй тухайн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологийн дамжлага-хэсэг дээр гадаадын мэргэшсэн аж ахуйн нэгж, шилдэг инженер, технологич, лабораторын болон судалгааны мэргэжилтэнг гэрээгээр тодорхой хугацаатай ажиллуулж, үндэсний мэргэжилтэн сургаж бэлтгэх асуудлыг судлан шийдвэрлэх зэрэг зорилт тавигдаж байна.
• Ашигт малтмал, тухайлбал, нүүрс хайх, олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн газрыг нөхөн сэргээхтэй холбогдсон журам, аргачлал, зарим стандартыг шинэчлэн батлуулж мөрдүүлөх нь зүйтэй байна.
Ашигласан материал
1. Гадаад худалдааны гаалийн статистик мэдээлэл. 2001-2007 онуудын эцсийн гүйцэтгэл. Монгол Улсын гаалийн ерөнхий газар. Улаанбаатар хот.
2.Гадаад худалдааны барааны статистик мэдээлэл. 2008 оны эцсийн гүйцэтгэл, 2009 оны урьдчилсан гүйцэтгэл. Монгол Улсын Гаалийн ерөнхий газар. Улаанбаатар хот.
3.ITC. www.trademap.org
4.Статистикийн бюллетень. 2001-2009 онуудын 12 сар.
Улаанбаатар хот: Монгол Улсын Үндэсний статистикийн хороо.
5.http://www.inservice.ru/documents/tn/27.html,“2701.Уголь каменный; брикеты, окатыши и аналогичные виды твердого топлива, полученные из каменного угля”, “27011.Антрацит”, “270112.Уголь битуминозный”,“2701121000.Уголь каменный битуминозный коксующийся”, “270119000.Уголь каменный прочий, включая пылевидный или непылевидный, но неагломерированный”, “2701200000.Брикеты, окатыши и аналогичные виды твердого топлива, полученные из каменного угля”
6.http://www.top500 ‘’HS Code 2701:Coal, Briquettes, Ovoids And Similar Solid Fuels Manufactured From Coal’’ To this Code "2701" belongs the sub codes: ‘’HS Code 2701.11:Anthracite’’, ‘’HS Code 2701.12:Bituminous coal’’, ‘’HS Code 2701.19:Other coal’’, ‘’HS Code 2701.20:Briquettes, ovoids and similar solid fuels manufactured from coal’’
7.Жаргалсайханы Золжаргал.Тавантолгойд кокс-химийн vйлдвэр байгуулахгvй л юм бол гадаадын хєрєнгє оруулалт хэрэггvй. Эх үүсвэр: www.olloo.com. 2010-02-26 08:57:07, Мэдээний дугаар:#1168163
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=listen&sid=1168163
Эх сурвалж










