2011-04-07

ОХУ, Турк, Вьетнам, Лаос, Казахстан, БНСУ-ын тэтгэлэг зарлагдлаа

Тэтгэлгийн тоо хангалттай ч, суралцах чиглэл хязгаартай 2011.04.12

-ОХУ, Турк, Вьетнам, Лаос, Казахстан, БНСУ-ын тэтгэлэг зарлагдлаа-
Энэ онд манай улсын 733 иргэн гадаадын 16 оронд Засгийн газар хоорондын тэтгэлгээр суралцах болсон таатай мэдээ бий. Өнгөрсөн сард БНХАУ, ӨМӨЗО-д суралцахаар шалгалтаа өгсөн оюутнууд хариугаа хүлээж байна. Харин энэ удаа ОХУ, Турк, Вьетнам, Лаос, Казахстан, БНСУ-ын тэтгэлэг зарлагдаад байна.

Шалгалтын бүртгэл хэзээ эхлэх, аль улсад ямар чиглэлээр суралцах боломжтой талаар БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын ахлах мэргэжилтэн Ч.Шинэбаяраас тодрууллаа.

-Энэ жил БНХАУ тэр дундаа ӨМӨЗО-д хамгийн их оюутан тэтгэлгээр суралцах болсон. ОХУ хамгийн их тэтгэлэг зарласан гэсэн мэдээ байна. Мөн ОХУ-д ирэх жил хэдэн оюутан тэтгэлгээр суралцах вэ?
-БНХАУ манайд хамгийн их тэтгэлгийг өгч байгаа. Үүний дараа ОХУ орж байна. Ирэх хичээлийн жил манай 300 оюутан ОХУ-д тэтгэлгээр суралцана. Тухайлбал, бакалаврын төвшинд 230 оюутан суралцах бол магистрын зэрэгт 20, докторын зэрэгт 50 хүн суралцах юм.

-ОХУ-ын бүртгэл хэзээ эхлэх вэ?
-Бакалавар, магистр болон ОХУ-д хэлний бэлтгэл хийж байгаа оюутнуудын бүртгэл энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Хүмүүнлэгийн ухааны их сургууль дээр болно. Эх орондоо бакалаврын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа оюутнуудын бүртгэл тухайн их, дээд сургуулиудад явагддаг уламжлалтай. Тиймээс нэг, хоёрдугаар дамжааны, голч оноо нь гуравтай оюутнууд сургуулийнхаа сургалтын албанаас холбогдох мэдээллийг авч, бүртгүүлэх боломжтой.
Оюутнуудад хандаж хэлэхэд гадаадад суралцах тухай мэдээлэл авах хамгийн ойрын цэг бол тухайн сургуулийн гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн болон сургалтын алба гэж хэлж болно.

-ОХУ-д тэтгэлгээр суралцах оюутнуудын тоо хангалттай юм байна. 300 гэдэг бага тоо биш. Харин суралцах мэргэжлийн сонголт нь хэр өргөн байгаа вэ?
-Анагаах ухааны салбарт 15, эрх зүйн чиглэлээр дөрөв, эдийн засгийн чиглэлээр 20 хүн суралцуулна гэдгээ ОХУ мэдэгдсэн. Харин тэтгэлгээр суралцах үлдсэн чиглэлээ манай улс сонгох эрхтэй. Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд манайд инженер, техник болон байгалийн ухааны нарийн мэргэжлийн ажилтан дутмаг байгаа.
Тиймээс энэ хэрэгцээ, шаардлагадаа үндэслэн Засгийн газраас ОХУ-д дээрх чиглэлээр боловсон хүчин бэлтгэх бодлого баримталж байгааг хэлэх хэрэгтэй.

-Зөвхөн бакалаврын төвшинд тэтгэлгээр суралцах улс байгаа гэсэн үү?
-Бий. Энэ жил Вьетнам 15, Лаос 18, Казахстан таван оюутныг зөвхөн бакалаврын төвшинд суралцуулна. Харин БНСУ-ын их дээд сургуульд дөрвөн бакалавр, дөрвөн магистрын тэтгэлэг авах боломжтой гэдгээ хэлсэн. Эдгээр улсын шалгалтын бүртгэл болон ямар материалууд бүрдүүлэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг БСШУЯ-ны цахим хуудсаас аваарай.

-Турк улсын хувьд хэдэн тэтгэлэг байгаа вэ?
-Бакалаврын төвшинд 20, магистрын зэрэгт 10, докторын зэргээр 10 оюутан тус тус суралцуулахаар тоогоо ирүүлсэн. Шалгалтын бүртгэл энэ сарын 20-ны өдөр Хүмүүнлэгийн ухааны их сургууль дээр болно.

-Бүртгүүлэхдээ будлиад буцаж ирж байгаа оюутан олон байна гэсэн. Тиймээс оюутнуудад анхааруулж, сануулж хэлэх зүйл юу вэ?
-Оюутнууд сонин болон цахим хуудаст байгаа зар мэдээг өнгөц уншсанаас болж материалаа дутуу бүрдүүлдэг. Үүнээс болж дахин дахин явж цагаа үрж байна. Нөгөө талаас цагийг нь тулгаж хамгийн сүүлийн өдөр ирж бүртгүүлж байгаа нь хүндрэл учруулдаг. Тиймээс холбогдох бичиг, баримтыг сайн бүрдүүлэх хэрэгтэй.

Эх сурвалж

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More