2011-02-24

ЗАРИМ АШИГТ МАЛТМАЛЫН ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭ, ЕРӨНХИЙ ЧИГ ХАНДЛАГА

Алт:
    2010 онд алтны үнэ тогтмол өссөн бөгөөд 2010 оны 11 сарын 09-нд алтны үнэ 1421,00 ам.доллар/ унци болж үнийн дээд амжилтыг тогтоосон. 2010 онд алтны дундаж үнэ 1224,53 ам.доллар/унци байсан ба 2010 оны 4-р улиралд алтны үнэ хамгийн өндөр үзүүлэлттэй байлаа.     Энэ үнийн өсөлтөнд долларын ханшны уналт ба Хятад болон Энэтхэгийн алтны хэрэглээний өсөлт, мөн найдвартай хөрөнгө гэж үзэн алтыг их хэмжээгээр худалдан авах болсон зэрэг шалтгаанууд нөлөөлсөн байна.
           2010 оны 12 сард алтны дундаж үнэ 1390 ам.доллар/унци байсан бол 2011 оны 01 сарын дундаж үнэ 1356,4 ам.доллар/тн болж 2,4%-р буурсан үзүүлэлттэй байна. Алтны үнийн бууралтад 2011 оны 1 сард АНУ-ын ажилгүйдлийн хэмжээ 9% хүртэл буурч, долларын ханш еврогийн эсрэг чангарч байгаа нь нөлөөлж байна. Мөн эдийн засгийн сэргэлт нь  хөрөнгө оруулалтын сонголтонд металлыг ихээр худалдан авах хэрэглээг багасгана гэж үзэж байгаа нь алтны үнийг бууруулахад мөн нөлөөлж байна.
 (Эх сурвалж-kitco.com)
Зэс:  
            2010 онд Лондонгийн Металын Бирж дээр зэсийн үнэ нэмэгдсээр 12-р сарын дундаж үнэ 9709 ам.доллар/тн-д хүрсэн ба 2011 оны 01 сарын дундаж үнэ 9547 ам.доллар/тн байна. 2011 оны 2 сарын 7-нд Лондонгийн Металын бирж дээр зэсийн үнэ 10145 ам.доллар/тн-д хүрч үнийн дээд амжилт тогтоогоод байна. 2011 оны 2-р сарын дундаж үнэ одоогийн байдлаар 9966 ам.доллар/тн байгаа бөгөөд 2-р сарын эхний  байдлаар Лондонгийн Металын Биржийн зэсийн нөөц 390000 орчим тн байгаа ба зэсийн үнийн өсөлтөнд дараахь зүйлүүд нөлөөлж байна. Үйлдвэрлэлийн металлууд дотроос зэс хамгийн их эрэлт хэрэгцээтэй ба зэсийг барилгын салбар ба автомашин, электрон болон цахилгаан барааны үйлдвэрлэлд ихээр хэрэглэж байгаа тул 2011 онд зэсийн хэрэглээ нийлүүлэлтээсээ түрүүлж зэсийн хомсдол бий болно. Мөн металлын гол хэрэглэгч Хятад болон бусад хөгжиж буй орнуудад зэсийн хэрэглээ ихээр нэмэгдэнэ  гэж тооцож байна. Иймд хэрэглээгээ даган зэсийн үнэ улам нэмэгдэх хандлагатай байна.
 
  (Эх сурвалж-kitco.com)
Цайр.
   2010 онд Лондонгийн металлын биржийн цайрын жилийн дундаж үнэ 2161,3 ам.доллар/тн байсан ба 2011 оны 1 сард цайрын дундаж үнэ 2371,5 ам.доллар/тн болж 2010 оны 12-р сарын дундаж үнэ 2273,35 ам.доллар/тн-оос 4,3%-р өссөн байна. Лондонгийн Металлын Бирж дээр цайрын нөөц 710000 тн байгаа ба цайрын нөөц  хангалттай байгаа гэж тооцож байна. 2011 онд цайрын зах зээл их хэмжээний илүүдэлтэй байх төлөвтэй байгаа ба үнийн хувьд буурч илүүдэл нийлүүлэлтийг бууруулж магадгүй гэж зарим судлаачид үзэж байна.    2011 оны 2 сар гарсаар цайрын үнэ нэмэгдэж байгаа бөгөөд 2457 ам.доллар/тн байна. Хятадад цайрдсан төмрийн хэрэглээ өсөж байгаа ба бусад зах зээл дээр цайрын хэрэглээ нэмэгдэнэ гэж үзэж байгаа учир 2011 оны 1-р улиралд цайрын үнэ өсөх хандлагатай байна.
 
 
   (Эх сурвалж-kitco.com)
 
ХАР ТУГАЛГА:
2010 оны 12-р сард хар тугалганы дундаж үнэ 2404 ам.доллар/тн байсан бол 2011 оны 1 сард 2602 ам.доллар/тн болж 7,3%-р өссөн байна.  2011 оны 1-р сард Лондонгийн Металлын Биржийн нөөц 239610 тн байсан ба 2-р сард нэмэгдэн 287800 орчим тн болсон  нь 1995 оноос хойшхи хамгийн их хэмжээнд хүрсэн байна. Европт хар тугалганы бодит хэрэглээ алгуур нэмэгдэж байгаа ба Хятад улсын хар тугалганы хэрэглээ өсөх хандлагатай байна. Автомашин ба цахилгаан дугуйны зах зээлийн өсөлтөөс шалтгаалан Хятад улс боловсруулсан хар тугалганы гол импортлогч болсон бөгөөд цаашид эрэлт хэрэгцээнээс шалтгаалан үнийн өсөлтөнд нөлөөлөх хандлагатай байна. Зэс, цагаан тугалга гэх мэт гол металлын үнийн өсөлт нийт суурь металлуудын үнийн өсөлтөнд нөлөөлж байна.

 
    (Эх сурвалж-kitco.com)
 
Цагаан тугалга:
         2010 онд цагаан тугалганы үнэ тогтмол өссөн үзүүлэлттэй байсан. 2010 онд Индонези, Хятад, Африкт цагаан тугалганы олборлолт тасалдсаны дараа үнэ нь 59%-р өссөн. 2010 оны 12 сарын дундаж үнэ 26124 ам.доллар/тн байсан бол 2011 оны 1-р сард цагаан тугалганы дундаж үнэ 27465 ам.доллар/тн болж 4,8%-р өссөн байна. 2011 оны 2-р сард цагаан тугалганы  үнэ нэмэгдсээр 2-р сарын 8-ны байдлаар 31250 ам.доллар/тн хүрч байна.  Лондонгийн металлын биржийн цагаан тугалганы нөөц 18471 тн байгаа нь нийлүүлэлт ба хэрэглээний нөхцөл байдал цагаан тугалганы үнийн өсөлтөнд  гол нөлөө үзүүлж байна гэж дүгнэхэд хүргэж байна. Лондонгийн металлын биржийн цагаан тугалганы нөөц 2010 онд 39%-р буурсан нь 4 дэхь жилдээ буурсан үзүүлэлтийг харуулсан байна.  2011 онд цаг агаарын таагүй нөхцөлөөс шалтгаалан цагаан тугалганы үйлдвэрлэл 4 дэх жилдээ тасалдаж болзошгүй байна гэж дэлхийн хамгийн том цагаан тугалганы үйлдвэрлэгчид дурдсан байна. Цагаан  тугалга чухал хэрэгцээтэй металлын нэг бөгөөд Лондонгийн металлын биржийн нөөц харьцангуй доогуур хэмжээнд байгаагаас шалтгаалан хомсдолд орох нь илэрхий тул ирэх саруудад үнэ нь нэмэгдэн 30000 ам.доллар/тн-оос дээш гарах хандлагатай байна.
 
  (Эх сурвалж-kitco.com)
Moлибдени:
     Лондонгийн металлын бирж дэх Молибдений 2010 оны 12 сарын дундаж үнэ 35336 ам.доллар/тн байсан бол 2011 оны 1 сард 37481 ам.доллар/тн болж 5,7%-р өссөн байна. Өнгөрсөн жилүүдэд Азид гангийн хэрэглээ их байсан нь Молибдений үнийн өсөлтөнд нөлөөлсөн. 2009 оноос Хятад улс Молибдений гол импортлогч болсноор 2010 онд үнэ нь нилээд нэмэгдсэн. Хятад улс Молибденийг маш их хэмжээгээр импортлосны үр дүнд нөөцтэй болсноор  худалдан авалт буурч үнэ тогтворжиход нөлөөлж байна. 2011 онд молибдений зах зээл илүүдэлтэй байж үнэ нь тогтвортой байх хандлагатай байна.
  (Эх сурвалж-kitco.com)
  Гянтболд:
                  Гянтболдын үнэ жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд WO3-ийн агуулгаас шалтгаалан үнэ нь янз бүр байдаг. 65%-ийн агуулгатай WO3-ын дундаж үнэ 2010 онд 15000 ам.доллар/тн байсан бол 2011 оны 1 сард нэмэгдэн  16742-17043 ам.доллар/тн-ын хооронд зарагдаж байна. 99.50%-99.95%-ийн WO3 агуулгатай Гянтболдын гулдмайн  2010 оны жилийн дундаж үнэ 37852 ам.доллар/тн байсан ба 2010 оны 12 сард дундаж үнэ 50300 ам.доллар/тн болж нэмэгдсэн байна. 2011 оны 1 сарын дундаж үнэ 50748 ам.доллар/тн болж өнгөрсөн оны 12 сарын үнэтэй харьцуулахад 0,8%-р нэмэгдсэн байна.
        Дэлхий нийтийн гянтболдын хэрэгцээнд Хятадын үйлдвэрлэл ба экспорт гол байр суурийг эзэлдэг ба Хятад улс өнгөрсөн 10 жилийн хугацаанд гянтболдын хамгийн том хэрэглэгч болсон байна. Иймд Хятадын засгийн газар нэмэгдэж буй дотоодын хэрэгцээгээ хангахын тулд гянтболдын үйлдвэрлэл ба экспортыг хязгаарлах, импортыг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Хятад улсын Гянболдын экспортыг хязгаарлаж буй бодлогоос шалтгаалан 2011 онд Гянтболдын нийлүүлэлтэд хомсдол үүснэ. Европын холбоо ба АНУ-д нийлүүлэлтийн асуудал нь хүндрэлтэй байгаа тул Гянтболдыг эрсдэлтэй металлын жагсаалтанд оруулсан байна. 2011 оны 1-р сард Хятадын 2 дахь том Гянтболдын үйлдвэрлэгч Jiangxi Tungsten засвар үйлчилгээ хийхийн тулд 3 сар үйлдвэрлэлээ зогсоохоо мэдэгдсэн байна. 2011 онд нийлүүлэлтийн хомсдлоос шалтгаалан Гянтболдын үнэ нилээд нэмэгдэх хандлагатай байна.
99.50%-99.95%-ийн WO3 агуулгатай Гянтболдын гулдмайн үнийг үзүүлэв.
   (Эх сурвалж-kitco.com)
 Төмрийн хүдэр:
Дэлхий нийтийн гангийн үйлдвэрлэл нэмэгдэж байгаа байдал,   Төмрийн хүдрийн гол импортлогч Хятадын эрэлт хэрэгцээ ба төмрийн хүдрийн нийлүүлэлтийн хэмжээнээс шалтгаалан 2011 онд төмрийн хүдрийн үнэ нилээд өсөх хандлагатай байна. Бэлэн зарагдах төмрийн хүдрийн үнэ 2011 оны эхнээс эхлэн нэмэгдэж байгаа ба 2-р улиралд зарагдах төмрийн хүдрийн гэрээний үнэ 165 ам.доллар/тн-д хүрч цаашид ч өсөх шинжтэй байна. Энэтхэг улс төмрийн хүдрийн экспортоор дэлхийд 3-т ордог бөгөөд дотоодын гангийн хэрэглээндээ зориулахаар экспортондоо хориг тавьж байгаа нь төмрийн хүдрийн нийлүүлэлтийг багасгаж үнэ нэмэгдэхэд нөлөөлж байна. 2012 оноос төмрийн хүдрийн нийлүүлэлт нэмэгдвэл үнэ нь буурах боломжтой.
 (Эх сурвалж-kitco.com)
PDF-Хувилбараар нь энд дарж татаж авна уу.
Мэдээг бэлтгэсэн: АМГ-ЫН УУЛ УУРХАЙ, СУДАЛГААНЫ ХЭЛТЭС 
Мэдээг оруулсан огноо: 2011-02-11
Эх сурвалж: mram.gov.mn

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More